ЖИРЭМСНИЙ ДУНД 3 САР
Жирэмсний 13-27 долоо хоногийн хоорондох хугацааг жирэмсний дунд 3 сар хэмээн нэрлэдэг. Энэ хугацаанд жирэмсэн эх таны бэлхүүс өргөсч, хэвлий овойж жирэмсэн гэдэг нь гаднаас харахад мэдэгдэж эхэлнэ. Мөн таны тээж буй хүүхдийн эрхтэнүүдийн хэмжээ нь томорч, үйл ажиллагаа нь эрчимждэг хэдий ч таны биеийн байдал хөнгөн байх болно. Тэгээд ч энэ үеийг жирэмсэн үеийн хамгийн тайван үе гэж үздэг, учир нь энэ үед жирэмсэн эмэгтэйн дааврын түвшин тогтворжиж, таныг ядрааж байсан таагүй шинж тэмдгүүд жишээ нь ядрах, дотор муухайрах, сэтгэл санаа тавгүйтэх зэрэг зовууриуд ор мөргүй арилдаг.
Харин жирэмсний дунд 3 сард эхийн биеэр эргэлдэх цусны хэмжээ 40%-иар нэмэгдсэнтэй, түүнчлэн умай томрохтой холбоотойгоор жирэмсэн эхийн эрхтэн, тогтолцооны ачаалал аажмаар нэмэгддэг.
Дунд гурван сард жирэмсэн эх танд хүүхдийнхээ хөдөлгөөнийг анх мэдрэх, зүрхний цохилтыг нь сонсох, хүүхдийнхээ хүйсийг мэдэх боломж үүснэ.